"Боинг"-ын стандартын талаар шүгэл үлээгч байцаалт өгөх өдрөө нас баржээ

3-р сарын 12, 2024 - 11:42
9 сарын өмнө
 0  195
"Боинг"-ын стандартын талаар шүгэл үлээгч байцаалт өгөх өдрөө нас баржээ

"Боинг" компанийн үйлдвэрлэлийн стандартын талаар шүгэл үлээж байсан Жон Барнетт гуравдугаар сарын 9-нд нас баржээ. Түүнийг өөрийгөө гэмтээх замаар амиа хорлосон гэж үзэж байгаа бөгөөд цагдаагийнхан хэргийг мөрдөж эхэлжээ. Жон Барнетт 32 жилийн турш "Боинг" компанид ажиллаад, 2017 онд тэтгэвэртээ гарсан. 2010 оноос хойш Хойд Чарлестон дахь үйлдвэрт чанарын менежерээр ажиллажээ. Энд тэрээр голчлон холын замд ашигладаг орчин үеийн агаарын тээврийн хөлөг "787 Dreamliner" онгоцны үйлдвэрлэлд гар бие оролцсон юм.


Нас барахынхаа өмнөхөн тэрээр компанийн эсрэг мэдүүлэг өгч, шүгэл үлээж байв. Компанийн ажилчид дарамт дор ажиллаж, онгоцонд стандарт бус эд ангиудыг хүчээр суурилуулсан гэж 2019 онд Барнетт анх мэдэгджээ. Стандартын шаардлага хангаагүй эд ангиудыг хогийн саванд хаясан ч эргэж гаргаж ирээд, үйлдвэрлэж буй онгоцонд суурилуулах тохиолдлууд байсан гэлээ. Мөн 787-д суурилуулсан хүчилтөрөгчийн дөрвөн маск тутмын нэг нь яаралтай үед ажиллахгүй гэсэн ноцтой асуудлыг ил гаргасан байна. Барнетт энэ талаар удирдлагууддаа анхааруулсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй аж.

"Боинг" компани түүний мэдэгдлийг үгүйсгэж буй. Харин АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны 2017 онд гаргасан тайлан Барнеттын хэлсэнтэй зарим талаараа давхацжээ."Боинг" болон түүний гол нийлүүлэгч "Spirit Aerosystems"-ийн үйлдвэрлэлийн стандартын шалгалттай Жон Барнеттын үхэл давхцав.


Жон Барнетт тэтгэвэртээ гарснаасаа хойш "Боинг"-ын стандартын доголдлын талаар идэвхтэйгээр шүгэл үлээж эхэлсэн. Нас барахынхаа өмнөхөн тэр Чарлестонд мэдүүлэг өгч байв. Тэрээр гуравдугаар сарын 9-ны Бямба гаригт дахин байцаалт өгөх ёстой байсан ч энэ өдрөө нас баржээ. 

Share:
195

like

dislike

love

funny

angry

sad

wow