Б.Махбалыг сулласан асуудлаар прокуророос Нийслэлийн шүүхэд гомдол гаргажээ
2018 онд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жилийн хорих ялыг оноосон. Тэрбээр гурван жилийн ялыг эдлээд байсан бөгөөд магадлангаар хугацаанаас нь 8 жилийн өмнө түүнийг сулласан нь олон нийтийн бухимдлыг хүргэж байна. Талийгаач Т.Гомбосүрэн нь дөрвөн хүүхдийн эцэг байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхэд хандан, "Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан Багануур дүүргийн шүүхийн захирамжийг эсэргүүцэж гомдол гаргасан" байна.
Б.Махбалын хувьд ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан ч Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад, суллах захирамж гаргасан нь энэ аж. Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлж, нэг жил 11 сарын хорих ялыг нь багасгасан байдаг.
Экс Ерөнхийлөгчийн уучлал үзүүлж, дараа нь 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Б.Тамирын дүгнэлт гаргаж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Махбалыг магадлангаар суллажээ.
Жич: цахим орчинд Б.Махбал нь экс Ерөнхийлөгчийн найз байсан бөгөөд хугацаанаасаа өмнө суллагдсан гэдэг асуудал олны бухимдлыг төрүүлээд буй юм.