Б.Хулан Монгол Улсаас олимпын эрх авсан 15 дахь тамирчин боллоо
Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болж байна. Манай улсаас эмэгтэй гурав, эрэгтэй дөрвөн жинд олимпын эрхийн төлөө өрсөлдөж байна.
Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэй жингийн барилдаан болж 53 кгын жинд “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Хулан өрсөлдөж “Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авлаа. Тэрээр хэсэгтээ Шри-Ланк, Бразилийн бөхчүүдийг цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын гурван хүрэлтэй Грекийн Преволарктай барилдаж 6:1-ээр ялав. Улмаар олимпын эрх хүртэх шийдвэрлэх барилдаанд Туркийн бөх Йетгүлийг цэвэр дарж яллаа.
Ингэснээр одоогийн байдлаар манай улсын 15 тамирчин олимпын эрх аваад байна. Чөлөөтийнхний тухайд зургаа дахь тамирчин нь олимпын эрх авлаа.