Багш нарын жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулна
Засгийн газрын өнөөдрийн хурлаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд өөрчлөлт орууллаа.
Өмнөх журмын хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг багш, ажилтны тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохгүй гэсэн заалт нь бусад ижил төрлийн нийгмийн салбарт олгогдож буй тэтгэмжийн шалгууртай нийцэхгүй, эрх зүйн ялгавартай байдал үүсгэсэн, хүүхдээ асрах чөлөө авсан албан хаагчийн эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол удаа дараа гарч байсан.
Салбарын хэмжээнд нийт 92,000 орчим албан хаагч ажиллаж байгаагаас нэг жилд дунджаар 1,300 орчим албан хаагч хүүхдээ асрах чөлөө авч байна. Журам өөрчлөгдсөнөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцын 2024 оны төсөвт нөлөө үзүүлэхгүй бөгөөд бусад нийгмийн салбарт ажиллагсадтай ижил, тэгш боломжийг бүрдүүллээ гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.