Автобусны осол: Хоёр хүн амиа алджээ
Өмнөговиос Улаанбаатар чиглэлд 38 зорчигч тээвэрлэж явсан суудлын автобус ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өнөө өглөө Дундговь аймгийн нутаг дэвсгэрт гарсан талаар мэдээлсэн билээ. Ослын улмаас олон хүн бэртэж Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм.
ГССҮТ-өөс Яаралтай тусламжийн тасгийн багийнхан болон мэргэжлийн эмч нарын баг яг одоо Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд өвчтөнүүдээ хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогийн байдлаар ослын улмаас хоёр иргэн нас баржээ. Автобусны жолооч болон туслах жолооч нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн таван хүний биеийн байдал хүнд, 18 хүний гар хөл нуруу хугарсан гэх мэдээлэл байна.Энэ талаар, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч өөрийн цахим хуудсандаа, "Эмч болсоор хамгийн аймар өдөр байлаа. Ослоор бүтэн аймгийн эмнэлэг дүүрэхийг үзлээ. Хаашаа л харна цус, орь дуу" хэмээн нийтэлсэн байна.
ЯГ ОДОО: Ослоос маш хүнд болон хүнд бэртэл авсан 37 хүн яг одоо ГССҮТ-д хүргэгдэн ирж, эмчилгээ авч эхэлж байна. Ослын улмаас автобусны хоёр жолооч газар дээрээ нас барсан. Ачааны машины жолоочийн бие маш хүнд, яг одоо мэс засалд орж байна. Мөн "маш хүнд" бэртэл авсан 2 хүнийг тээвэрлэх боломжгүй тул Төв аймгийн эмнэлэгт үлдээн, эмчилгээ хийж байна.