Авлига албан тушаалын хэргүүдийг АНХАН ШАТНЫ шүүхүүд шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг хийнэ
Авлига албан тушаалын хэргүүдийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг хийхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн барих улс төрийн шийдвэр гаргаж байгаагаа дурьдсан. Сүүлийн үед анхан шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэрүүд авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын бодлого үйл ажиллагааг саармагжуулах, үнэгүйдүүлэх, авлигачдад ял завшуулах, итгэл сэтгэлийг хөргөхөд хүргэж байна гэсэн. Иймээс энэ хуулийн өнөөдөр УИХ-д өргөн барихаар болж байгаа гэнэ.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Шүүх байгуулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болсон. Хуулийн үзэл баримтлалыг танилцуулъя.
-
Нэгдүгээрт, Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн хэргийн дагнасан шүүх, иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Үүнийг нэгтгэж байна. Энэ шүүх нь Эрүү, Иргэний хэргийн танхимтай байдлаар зохион байгуулагдана. Ингэснээр хоёр Ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Тамгын дарга мөн нэг болно. Ингэснээр захиргаан томроод байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа
-
Хоёрдугаарт, Орхон, Дархан-Уул аймгийн шүүхийг дээрх байдлаар нэгтгэж нэг Ерөнхий шүүгч, нэг тамгын даргатай байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн байрлаж байгаа байр, одоо байгаа орчин нөхцөл, гэр оронд ямар нэгэн хөдөлгөөн хийгдэхгүй.
-
Гуравдугаарт, Гэр бүл, хүүхдийн шүүхийг байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг 2026 онд байгуулна. Хоёр жилийн хугацаанд нарийн мэргэшсэн шүүгч, шүүгчийн туслахыг бэлдэнэ" гэлээ.
Мөн ХЗДХ-ийн сайдын зүгээс "Сүүлийн жилүүдэд авлига албан тушаалын хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй, Эрүүгийн хуульд заасан хамгийн бага буюу торгох ялаар шийтгэгдэж байна. Хамгийн сүүлд Багануурын уурхайн захирлын хээл хахууль авсан хэрэг дээр 20 гаруй сая төгрөгийн ял оногдуулсан байна. 2.7 тэрбум төгрөгийн авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон Хөдөлмөрийн баатрын хэрэгт мөн 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа.
Мөн өдрүүдэд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурал явагдаж байна. Үүнтэй холбоотой олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна. Иймээс авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг иргэдийн хүсэмжилж байгаа шударга ёсны зарчмыг хангах хүрээнд авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэлх хугацаагаар авлига албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Тодруулбал, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны журмаар, Улсын дээд шүүхүүд давж заалдах шатны журмаар шийддэг байх өөрчлөлтийг дэвшүүлж байна. Нэ үгээр авлига албан тушаалын хэргүүдийг АНХАН ШАТНЫ шүүхүүд шийдвэрлэхгүй. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхим авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг болно.
Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгэндээ энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн барих улс төрийн шийдвэр гаргаж байгаагаа дурьдсан. Сүүлийн үед анхан шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэрүүд авлигатай тэмцэж байгаа Засгийн газрын бодлого үйл ажиллагааг саармагжуулах, үнэгүйдүүлэх, авлигачдад ял завшуулах, итгэл сэтгэлийг хөргөхөд хүргэж байна гэсэн. Иймээс энэ хуулийн өнөөдөр УИХ-д өргөн барина" гэлээ.