Асран хамгаалагчтай нь гэрээ хийгээгүй бол бүртгэхгүй
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хуваарийн дагуу долдугаар сарын 10, 11, 12-нд зохион байгуулах ба зургаан насны морьд уралдана.
Мөн долдугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, шууд дамжуулах юм. Хурдан морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй Хүй долоон худагт байрлан ажиллаж эхлжээ. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах , тэдний эрхийг хамгаалах талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс хяналт тавьж ажиллах юм байна.
Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэх шаардлага:
- Унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна.
- Унаач хүүдийн эцэг, эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийнэ.
- Гэрээг нотариатаар баталгаажуулна.
- И-Монголиа цахим хуудсаар гэрээг баталгаажуулж болно.
- Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандарт хангасан байх.
Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй. Эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгана. Стандартын хувцас, хэрэглэлгүй хүүхдийг уралдааны замд гаргахгүй хасна. Түүнчлэн уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно.