Ангийнхаа хүүхдийг буудсан хүү сургуулийн орчинд дээрэлхүүлдэг байснаас дээрх хэрэг үүджээ
Финландын Вантаа хотын Виертола дунд сургуульд 12 настай хүү галт зэвсгээр халдлага үйлдэж ангийнхаа хөвгүүний амь насыг хороож, сургуулийнхаа нас чацуу хоёр охиныг хүндээр шархдуулсан хэрэг энэ мягмар гарагт гарсан. Хэргийг мөрдөн шалгах явцад халдлага үйлдсэн хүү бусдын дарамт, дээрэлхэлтэд өртдөг байснаас ийнхүү галт зэвсгээр бусад руу халдсан байж болзошгүй сэжүүр илэрснийг цагдаа нар мэдээлсэн байна. Халдлагын улмаас амь үрэгдсэн хүүхдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж улс даяар эмгэнэл илэрхийлж байна.
Финландын төрийн байгууллагууд төрийн далбааг хагас бөхийлгөж, гэмт үйлдэл гарсан Виертола сургууль болоод хотын сүмүүдэд иргэд лаа асааж, цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Мөн Парламентын гишүүд хохирогчдод болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Халдлага үйлдсэн 12 настай хүүг байцаах явцад энэ жил сургуульдаа шилжиж ирсэн нь тогтоогдсон байна. Мөн тэрээр шинэ орчинд дасан зохицож чадаагүйгээр барахгүй түүнийг сургуулийнх нь хүүхдүүд бүлэглэн дээрэлхэж дарамталдаг байсан тухай мэдүүлжээ. Хүү халдлага үйлдсэн өдрөө сургуульдаа ирж явсан бусад сурагчдыг айлган сүрдүүлэх үйлдэл гаргажээ. Халдага үйлдсэн дамартай гар бууг хүү ойрын төрөл садангаасаа авсан байжээ. Финланд бол дэлхийн хамгийн амар тайван, аз жаргалын индекс өндөртэй улс орнуудын нэг. Тус улсын хуулиар 12 настай хүүхдэд ял оноох боломжгүй. Тиймээс хүүг баривчлах болон хорих үндэслэлгүй аж. Цагдаа нарт мэдүүлэг өгсний дараа хүүг нийгмийн халамжийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Түүнчлэн цагдаагийн газраас цахим сүлжээгээр тархаж байгаа халдлагын тухай хуурамч мэдээлэлд итгэхгүй, түгээн дэлгэрүүлэхгүй байхыг ард иргэдэд уриалсан байна. Иймэрхүү хууль бус үйлдлээс болж гэм зэмгүй хүмүүсийг хохироож болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Хэрэг гарах үед сургуулийн ажилтнууд шуурхай ажиллаж, илүү хүнд нөхцөл байдал үүсэхээс сэргийлж чадсан гэж цагдаа нар үзсэн. Вантаа хотын захиргаа ямар ч тохиолдолд бэлтгэлтэй байсан сургуулийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.