Ачих компанийн ажилтанд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно
Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга гарган сүрдүүлж байгаа бичлэг өчигдөр /2023.06.28/ цахим хуудаст нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлээд буй. Бусдын эд хөрөнгөд халдахаас гадна, харилцааны соёлгүй, дээрэнгүй хандаж буй тухайн этгээдийн бичлэгийг тавьсан иргэн түүнийг хутга далайлган сүрдүүлж байгааг мөн хэлсэн. Тэгвэл тухайн хүнд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр "Зургадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч ажиллаж байна. Түүнчлэн "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачих үед иргэн М машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрсан. Иргэн Ц-д Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Урьдчилсан байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар "…шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө" гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь тогтоогдсон" гэлээ.