СЭЛЭНГЭ АЙМАГТ БААВГАЙ АЙЛЫН ҮХЭР БАРЬЖ, ЗӨГИЙН ҮҮР ЭВДЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн Гангат гэх газарт энэ сарын 26-ны өдөр баавгай айлын үхэр барьж, зөгийн үүр эвджээ.
Үүнтэй холбогдуулан сум орон нутгийн зүгээс иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэж, тухайн бүс нутагт зорчих болон мал аж ахуй эрхэлдэг иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. Ялангуяа Гангат, Баянхангай, Тамгын хоолой орчмын малчид хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй байх, хараа хяналтгүйгээр гэрт үлдээхгүй байхыг сануулжээ.
Мөн автомашин, мотоциклоо ямагт асахад бэлэн байлгаж, салют, дуу гаргагч зэрэг өөрийгөө хамгаалах хэрэгслийг бэлтгэхийг зөвлөсөн байна. Мөн ой, хээрийн бүсээр зорчих иргэдийг болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.

