Б.Бат-Эрдэнэ: Тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай

10-р сарын 22, 2025 - 06:50
23 өдрийн өмнө
 0  280
Б.Бат-Эрдэнэ: Тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв. Ахмад настнуудаас энэ оны есдүгээр сард удаа дараа тавьсан уг шаардлагыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Д.Рэгдэл нар ажиллажээ.


Ажлын хэсэг холбогдох яам, байгууллагын төлөөллийг оролцуулах гурвантаа хуралдсан тухай Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасныг зөрчсөн байгааг онцлов.Одоогийн байдлаар инфляцын түвшин 8.8 хувьтай байгаа бөгөөд оны эцэст 8.6 хувьтай байна гэсэн тооцоог Монголбанк хийжээ.

Засгийн газраас баталсан аргачлалын дагуу 2025 онд тэтгэврийн хэмжээг 6.0 хувиар нэмэгдүүлсэн нь бодит инфляцаас 0.8 хувиар дутуу тогтоогдсон гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тооцсон бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд инфляцыг 9.5 хувь байхаар баталсан дээр уг зөрүүг нэмж 10.3 хувиар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг тус яамнаас 2026 оны төсвийн төсөлд өгсөн байна.Үүнд одоо төсвийн төсөлд туссан 333.5 тэрбум төгрөг дээр нэмж 267.1 төгрөг шаардагдах юм. Энэ хэмжээгээр ирэх онд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, 6.0 хувь дээрээ нэмэгдэл 267.1 тэрбум төгрөгийг тогтмол дүнгээр буюу 42000 төгрөгөөр хуваарилан нэмэгдүүлэх нь тэтгэврийн ялгаа ихсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.


Мөн ажлын хэсгээс Монголбанк эдүгээ 150 хувь байгаа тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээ болон заавал байлгах нөөцийг бууруулах замаар эх үүсвэрийг хямдруулах, арилжааны банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн зээлтэй холбоотой үйл ажиллагааны зардлаа тэглэх боломжтой гэж үзсэн байна. Ипотекийн болон оюутны сургалтын төлбөрийн зэрэг тэтгэдрийн зээлийг орлох бусад зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настнуудын өөрсдийн хүсэлт, санаачилгаар банк хооронд хүндрэлгүй шилждэг байх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат танилцуулсан юм. Түүнчлэн ахмад настны эрүүл мэндийн болон асрах үйлчилгээнд зориулж улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийж, хүн тэтгэвэрт гармагцаа ядуурдаг тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, цалин, тэтгэвэр нэмнэ гэж попролгүй, инфляцыг хөөрөгдөхгүйгээр нэмэх шийдэл олох шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа бага тэтгэврйг нэмэгдүүлж, өндөр тэтгэврийг нэмэх шаарддлагагүй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан зоримог реформыг эрс шийдвэртэй хийхгүй бол ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй гэлээ.

 

Share:
280

like

dislike

love

funny

angry

sad

wow