''Налайх Бизонс'': МУГТ Т.Санчирын цалинг цаг тухайд нь өгч байсан, Omni Erdenet miners баг албан ёсоор багтаа элсүүлэх хүсэлтээ ирүүлээгүй
2025-2026 оны сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг энэ сарын 1 /2025.10.01/-ны өдөр нээлтээ хийж эхний тоглолтоо хийсэн.
“Омни Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, “МУГТ Т.Санчир бол Монгол Улсын сагсан бөмбөгийн спортод хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан залуу. Гэтэл энэ залууг “Nalaikh Bison” баг гэрээ хийж авчхаад гэрээний үүргээ биелүүлээгүй. Улмаар тус тамирчин багаас гарах гэтэл чөлөөлөх бичгээ өгөхгүй байна. Одоогийн тоглож буй багаасаа “100 сая төгрөг авч өг” гэсэн шаардлага тавьсан.
Гэрээний биелэлт үнэхээр 100 хувь байсан бол бид тус багтай тохиролцоход бэлэн. Мэдээж, сагсан бөмбөгийн спортод хөрөнгө оруулагч нар маш чухал. Тус багийн эзэн гэрээний үүргээ биелүүлээгүй учир тус гэрээ цуцлагдсан гэсэн үг шүү дээ. Бид бүүр болохгүй бол хууль, шүүхээрээ явна. Хууль, шүүхээрээ явлаа гэхэд ирэх 12-р сарын 1-нээс өмнө асуудал шийдэгдэхгүй. Ингэснээр Т.Санчир энэ улиралд тоглох боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Монголын сор болсон тоглогчийг ингэж хохироохгүй байх гэж найдаж байлаа. Энэ асуудалд би маш их бухимдалтай, сэтгэл дундуур байна” хэмээн мэдээлэл өгсөн. Харин хэвлэлээл “Nalaikh Bison” баг МУГТ Т.Санчиртай 3 жилийн гэрээ байгуулсан байна. Улмаар тус гэрээний хугацаа энэ улиралд дуусах байсан гэсэн үг. Гэсэн хэдий ч тус баг эхний жилд байгуулсан гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг, хоёр дахь жилд 40 орчим хувийг л өгчээ.” Иймд МУГТ Т.Санчир өөр багт тоглох болсон байна. Гэтэл өөр багт тоглох үед чөлөөлөх бичгээ өгөхгүй тоглогчийг хохироож буй нь харамсалтай. Зарим эх сурвалжууд, “энэ асуудлаар Т.Санчир “Nalaikh Bison” багийн удирдлагуудтай ойлголцох гэсэн ч чадалгүй, эцэстээ ам зөрсөн” тухай мэдээлэл гарсан юм.
Тэгвэл "Налайх Бизонс" сагсанбөмбөгийн баг мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд МУГТ Т.Санчирын цалинг цаг тухайд нь өгч байсан. Omni Erdenet miners баг албан ёсоор багтаа элсүүлэх хүсэлтээ ирүүлээгүй болохыг мэдэгдлээ.

