Г.Дамдинням: П.Сайнзоригт улс орноо бодсон юм байхгүй, улс төржиж байна
Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим гишүүдийн тарааж байгаа гүтгэлгийн шинж чанартай мэдээлэлд няцаалт өгөх зорилгоор энэхүү мэдээллийг өгч байна. Бирж бол бидний ил тод байдлыг нэмэгдүүлсэн, бодит үнийг тодорхойлж, татварын сууриа нэмэгдүүлэх бодлого. Үүнээс ч долоон дор шийдвэрүүдэд оролцож явсан хүн байж 55 дугаар тогтоолыг Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож оруулж ирж байгаа нь өөрөө улс төрийн зорилготой. Түүнээс биш улс орноо бодож байгаа зорилго энд байхгүй. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулах тухай Засгийн газрын шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж буй нь улс төрийн зорилготой гэдэг нь илэрхий байна. Энэ шийдвэр гурван ач холбогдолтой. П.Сайнзоригт улс орноо бодсон юм байхгүй, улс төржиж байна.
Нэгдүгээрт, биржийн арилжааг дэмжсэн шийдвэр. Биржийн арилжаа гэдэг бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалдана гэсэн үг. Улсыг 200 тэрбум төгрөгөөр хохироосон гэх гүтгэлэг тарааж буй. Харин ч ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно.
Хоёрдугаарт, энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ногдол ашгийн хэмжээ өснө.
Гуравдугаарт, хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Мөн татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ.
Ер нь яагаад биржийн арилжааг дэмжих ёстой вэ? Хэн нэг нь дур мэдэж, ам нөхцлөөр байгуулсан гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10-20 хувь бага байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт баталдаг.
Борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Үүнийг бүр нарийвчилж асуувал хариулт маш тодорхой болно. Эрдэнэс Тавантолгойн борлуулалтыг ил тод, нээлттэй болгохыг хэн хүсэхгүй байна вэ? Нүүрсний хулгайчид!!!
Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй! Зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр.

