Халзан бүрэгтэйн ордын асуудлаарх сонсголд Ховдоос 50 хүн оролцуулах хүсэлт гаргажээ

УИХ-аас Халзан бүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23-нд байгуулахаар товлосон. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, уг сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгынгазрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 07-08-нд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад иржээ.
Томилолтын баг Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагаасхэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай биечлэн танилцсан байнна.
Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй очиж танилцаж, нутгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, санал, хүсэлтийг нь сонслоо. Иргэдийн төлөөлөл уг сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Халзан бүрэгтэйн орд газарт 2022 оны аравдугаар сард геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч нутгийн иргэдийн эсэргүүцэл хурцадмал байдалд хүрч Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны нэгдүгээр сард үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү тус ордыг ашиглах асуудлаарх иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох байгууллагуудын мэдээллийгсонсож, үнэлэх, санал, дүгнэлт гаргаж УИХ-д хүргүүлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ажлын хангаж байна.






