Таксины жолоочтой эхнэрээ хардаж, жолоочийг бууж зугтахад нь мөргөж гэмтээжээ

Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хотхоны автобусны буудлын урд согтуугаар танхайрч бусдын автомашиныг хүч хэрэглэн авч тухайн автомашины жолоочийг буулгаж машинаар мөргөсөн этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай олж тогтоон, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Приус маркийн машины жолооч бусдыг санаатайгаар дайрч мөргөж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива ситигийн замын урд энэ сарын 07-ны өдрийн шөнө 04.00 цагийн орчимд үйлдэгдсэн гэмт хэргийг дуудлага мэдээлэлд бүртгэн, шалгаж байна” гэсэн билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тухайн хэрэг хардалтын улмаас гарсан байна. Тодруулбал, 30 орчим насны залуу эхнэрээ таксины жолоочтой хардаж, биед нь халдахыг завджээ. Улмаар таксины жолооч машинаасаа бууж явган зугтаахад нь автомашиныг нь жолоодон мөргөж, гэмтээжээ. Цагдаагийн байгууллагаас зугтсан этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна






