Б.Хорлоодой эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанд мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Тайландын Бангкок хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60 кг, -66 кг, эмэгтэй -48, 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо.
30 орны жүдочдоос Япон, БНСУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Тажикистан зэрэг орны жүдочид медальт байранд орлоо.Арабын нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанд мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд “Абу Даби-2024” Их дуулгаас алтан медаль хүртэж байсан бол энэ удаа тивийн аварга шалгаруулах тэмцээний финалын барилдаанд шалгарлаа. Б.Хорлоодойгийн ачаар тэмцээний эхний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын баг медаль хүртсэн орнуудын жагсаалтад бичигдлээ. Мөн тус улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Б.Нармандах барилдсан.
Манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөж байна. Эхний өдөр манай жүдочид медальд хүсэнгүй.
Тэмцээний хоёр өдөр буюу өнөөдөр дунд жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хүнд жингийн барилдаанаар үргэлжлэх юм.






