Б.Энхбаяр: Томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг тавьжээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь ирсэн байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ тухай "Нэгдүгээрт, Засгийн газар яамд, агентлагаас гадна нийт 57 хороо, комисс, зөвлөл байгуулснаас хуульд тухайлан чиг үүргийг нь заагаагүй 10 хороо, 4 зөвлөл байгуулж.
Энэ 14 зөвлөл, хороо нь 90 орон тоотой байх ба 30 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байна. Хуулиар байгуулагдсан яамд, агентлагуудтай чиг үүрэг давхардсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, улс төрийн авлига болгож төрийг данхайлгаж, эзэн биегүй хоорондоо хариуцлагаа чихсэн эрх мэдлийн бүтцүүдийг үлэмж нэмэгдүүлж буй нь Үндсэн хуулийн бус бөгөөд төрийг удирдах, засаглах боломжийг алдагдуулахад хүргэж байна.
Хоёр. “Бүтээмжийн менежер”, “Хяналтын менежер” гэх Төрийн хэмнэлтийн хуулиар хориглосон орлогч захирлын цалин хангамж, статустай албан тушаалыг бий болгож төрийн өмчийн компани, банк, байгууллагад олноор томилжээ. Одоогоор 42 ийм албан тушаалтныг томилсон байх ба ойрын үед 100 гаргах гэж байна. Томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна. Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна. Улс орныг 15 давхараас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна"
гэжээ.






