Дэлхийн чансааны 23 дугаарт эрэмбэлэгдэж байсан Хятадын теннисчин Монголын лигт тоглож байна

Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг дээд лигийн 17 дахь улирлын хоёрдугаар тойргийн тоглолтууд “Оч” клубын спорт зааланд болж байна. Сонирхолтой нь “Итгэлт санхүү” клубт 31 настай Хятадын тамирчин Лью Фэй нэгджээ. Тэрээр зургаан тоглолт хийхдээ бүгдэд нь нэг ч сет алдалгүй хожил авсан байна. Лью Фэй манай эмэгтэй тамирчдыг 3:0-оор хожсоор байна.
2022 он хүртэл Хятадын ширээний теннисний шигшээ багийн тамирчин байсан Лью Фэй өнгөрсөн онд манай улсад ирж, хамтарсан бэлтгэлийг хийж эхэлжээ. Тэрээр цагтаа дэлхийн чансааны 23 дугаарт эрэмбэлэгдэж байсан байна. Лью Олон улсын ширээний теннисний холбооны 11 тэмцээнд оролцохдоо 44 тоглолтын 33-т нь ялалт байгуулжээ.






