БНХАУ АНУ-д 84 хувийн гаалийн татвар ногдуулсны хариуд Д. Трамп Хятадын бараанд ногдуулах татвараа 125 хувь хүртэл өсгөснөө зарлалаа

БНХАУ АНУ-д 84 хувийн гаалийн татвар ногдуулсны хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараанд ногдуулах татвараа 125 хувь хүртэл өсгөснөө зарлалаа.
"Хятад Улс дэлхийн зах зээлд үзүүлж буй хүндэтгэлгүй байдлыг үндэслэж АНУ Хятадад ногдуулах татварыг 125% хүртэл нэмэгдүүлж, даруй хүчин төгөлдөр болно" гэж Трамп "Truth Social" дахь хуудсандаа бичжээ. Үүний зэрэгцээ тэрээр бусад улс орнуудад тогтоосон тарифыг 90 хоногийн хугацаатай хойшлуулсан гэж мэдэгдээд байна. Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Хятадын дарга Си Жинпинтэй уулзаж ярилцах уу гэсэн асуултад "Би түүнийг хүндэлдэг, тэр миний найз. Гэхдээ тэд хэлэлцээ хэрхэн хийхээ мэдэхгүй байна" гэж хариулжээ. Мөн Трамп хөрөнгийн зах зээлийн уналтад тарифыг буруутгахгүй гэж хэлсэн байна.
Түүнчлэн Д.Трамп ихэнх улс орнуудад ногдуулсан тарифыг 90 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан боловч Хятадын импортын тарифыг 125 хувьд хүргэж өчигдөр ийнхүү нэмэгдүүлэв. Тэрбээр энэ шийдвэрээ "Бээжингийн зүгээс дэлхийн зах зээлд хүндэтгэлгүй хандаж, ижил хэмжээний хариу арга хэмжээ авсан"-тай холбон тайлбарласан байна.






