Сар шинээр осолд орсон гэр бүл орон нутагт эмчлүүлж байгаад түргэний тэргээр хот руу явах замдаа дахин осолд орж нэг гэр бүлээс хоёр охин нь үлджээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт түргэний тэрэг автобустай мөргөлдөж, зургаан хүн газар дээрээ амиа алдаж, хоёр хүүхэд хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр 2-14 насны дөрвөн хүүхэдтэй нэгэн гэр бүл Говь-Алтай аймгаас Сэлэнгэ аймаг руу цагаан сарын золголт хийхээр зорьсон байна.
Гэтэл Баянхонгор аймгийн төвөөс 70 км зайд авто замын осолд орсноор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хүргэгдсэн байна. Аав, ээж толгойдоо хөнгөвтөр зэргийн бэртэлтэй,Том охин /14 настай/ цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, Удаах охин нь /12 настай/ шилбэ, ясны бэртэлтэй, Бага охин /7 настай/ хөлийн шилбэ, ясны гэмтэлтэй, Хамгийн бага хүү /2 настай/ шилбэ, ясны бэртэл тогтоогдсон байна. Улмаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлснийхээ дараагаар "Биеийн байдал дээрдсэн тул Улаанбаатар явна, танай эмнэлгээс машин гаргаж, хүргэж өгнө үү" хэмээн Эмч /56 настай Х/, Жолооч /43 настай Э/ нарын хамт замд гарсан гэсэн үг. Гэтэл Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын-Уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо уг осолдсон. Ослоос 7-14 насны хоёр охин амьд үлдэж ГССҮТ-д хүргэгджээ.
Ослын урьдчилсан дүгнэлтээр "Түргэний машин урсгал сөрж явснаар зам тээврийн осол гарсан. Мөргөлдсөн автобусны хувьд 64км/ц хурдтай явж байсан хэмээн ЦЕГ болон Зам тээврийн яамнаас мэдээлэл өгсөн.
Харин тус ослоос амьд үлдсэн тус гэр бүлийн 7-14 насны охидын биеийн байдал тогтворжиж, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.






