''Угаартаж амиа алдсан 6 хүний хувийн мэдээллийг задруулсан'' гэх иргэн Б нарын хэргийг прокурорт шилжүүлнэ

Угаарын хийн улмаас гэр бүлийн зургаан хүн амиа алдсан хэргийн дараа хохирогчдын талаар зүй бус мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Зургаан иргэний мэдээллийг хэн гаргасан гэдгийг тогтоохоор ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдсон гэх боловч өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс энэ талаар тодруулахад
"Хувь хүний нууцын мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээлэл мэтээр бичиж олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулсан хоёр этгээдийг олж тогтоосон. Тэд хоёулаа "иргэн Б" бөгөөд өөр өөр ажил эрхэлдэг хүмүүс байсан. Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын ажиллагаа дуусмагц яллах саналтайгаар прокурорын байгууллага, шүүх байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна"
гэв.






