Дэлгүүрт халдлага болж, хоёр худалдагч амиа алджээ

Чехийн Храдец-Краловэ хотын хүнсний сүлжээ дэлгүүрт гэмт этгээд хутгатай халдлага үйлдсэн харамсалтай хэрэг пүрэв гарагийн өглөө гарчээ. Энэ үеэр хоёр эмэгтэй амиа алдсан бөгөөд тэд тус дэлгүүрийн худалдагчид байсан байна.
Цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн нь Храдец бүс нутгаас гаралтай 16 настай Чехийн иргэн бөгөөд түүнийг хэргийн газраас ойролцоогоор 1 км-ийн зайд, 10 минутын дараа баривчилжээ.
Мөрдөн байцаагчид хэргийн газрын ойролцоо 20 см урттай хутга олсон байна. Халдлагын дараа түргэн тусламжийн багийнхан шархадсан хоёр эмэгтэйг 40 минутын турш аврахаар хичээсэн боловч шарх нь хэт хүнд байсан тул амийг нь аварч чадаагүй аж.
Халдлагын мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд гэрчүүдийг байцааж, дэлгүүрийн камерын бичлэгүүдийг шалгаж байгаа гэж мэдэгджээ.






