88 настай Ромын пап Францис хоёр уушгиндаа хатгалгаа авсан, эрүүл мэндийн байдал нь “хүнд” байна

Ромын пап Францис хоёр уушгиндаа хатгалгаа авсан, эрүүл мэндийн байдал нь “хүнд” байгаа талаар Ватикан мэдэгдлээ.
Өдгөө 88 настай папад бронхитын шинж тэмдэг илэрч, амьсгалын замын халдвар авч, бие нь тавгүйрхсэний улмаас өнгөрсөн баасан гарагт Ром хотын Жемелли эмнэлэгт хүргэгдсэн. Ватикан түүнийг “Шинжилгээнд хамрагдаж байгаа. Олон төрлийн нянгийн гаралтай амьсгалын замын халдвар авсан байна. Шаардлагатай хугацаагаар эмнэлэгт хэвтэх болно” хэмээн энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан юм. Мягмар гарагт түүнийг цээжний компьютер томографийн зураг авахуулсны дараагаар хоёр уушгиндаа хатгалгаа авсныг тогтоож, эм тарианы эмчилгээнд орох шаардлагатайг Ватикан мэдэгдлээ.






