Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг магтан дуулсан нэвтрүүлэг буюу хар пиар, тархи угаалтын том машин болcныг харуулав уу?

Ерөнхий сайд амралтын өдрүүдээр гэнэтийн бэлэг барилаа. Асуудал бүхэн дуусаж, Монгол түмэн баялагтаа эзэн болж, Монгол Улс хөгжлийн дараагийн шатанд гарч байна гэх Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг магтан дуулсан нэвтрүүлэг Монголын Үндэсний олон нийтийн телевизээс эхлээд NTV, Боловсрол, Монгол HD, TV9, SBN зэрэг томоохон телевизүүдээр цацагдав. Монгол Улсын Засгийн газраас бэлтгэсэн болов уу гэмээр уг нэвтрүүлэг багагүй зардлаар бүтжээ. Үндэсний олон нийтийн телевиз болон чансаа өндөртэй телевизүүдээр түгээсэн болон бүтээсэн зардал нь нөгөө Хэмнэлтийн хуулиа уландаа гишгээд үүдний шалавчинд арчиж орхисон уу гэлтэй хэмээн сэтгүүчид бичиж байна. Нэвтрүүлгийн агуулага энэ тэрийг энд дурдах нь илүүц биз.Тэр дундаас сэтгүүлч Г.Даваадоржийн нийтлэл олны анхаарлыг татав. Тэрбээр "Ерөнхий сайдын хар пиар сошиалд хэрхэн өрнөдөг вэ? Олон нийтэд улс орныхоо алсын хараа, асуудлын учир шалтгааныг бодитоор тайлбарлаж өгөх ёстой Засгийн газар өөрөө хар пиар, тархи угаалтын том машин болжээ. Үүнийг батлах тоо баримтыг META-гаас гаргадаг улс төр, нийгэм, сонгуультай холбоотой Facebook-ийн рекламын тайлангаас харж болно. Facebook 2020.08 сараас эхлэн ийм төрлийн рекламуудын интерактив тайланг улс орон бүрээр харуулдаг болсон.
Тэгвэл Ерөнхий сайдын хар пиар сошиалд хэрхэн өрнөдгийг харъя: Монголчууд сүүлийн 4 жил гаруйн хугацаанд зөвхөн улс төр, сонгуультай холбоотой сурталчилгаанд 2 сая гаруй ам.доллар зарцуулаад байна. Энэ дундаас сүүлийн нэг сарын хугацаанд MCS -ийн эсрэг чиглэсэн хар пиарын контентуудыг төрөл бүрийн пэйжүүдээр дамжуулан, өндөр дүнгээр бүүстэлсээр байна. Тодруулбал:
1. HERO entertainment - ийн пэйж хуудаснаас нийт хугацаанд 2500 ам.доллар, сүүлийн 30 хоногт “Тусгаар тогтнол” нэртэй контентыг тав хоногт 1682 ам.доллароор, Баялгийн сантай холбоотой контентыг 199 хүртэлх ам.доллароор бүүстэлжээ.
2. “Мэдээллийн ажилтан” гэдэг нэртэй пэйж мөн Ерөнхий сайдын хар пиарт зориулагдсан, “золбин” гэж тодорхойлж болохоор олон пэйжүүдийн нэг нь. Сурталчилж байгаа контент нь ижилхэн. 2021 онд анх нээгдэхдээ “Мэдээллийн урсгал” гэдэг нэртэй байсан. Пэйжийг 7 хүн удирддаг.
3. “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нэртэй бас нэг пэйж байна. Амундрагийн оролцсон нэг видео контентыг 899 ам.доллараар бүүстэлсэн. 2014 онд нээгдэхдээ анх ELIT гэдэг нэртэй байсан бөгөөд түүнээс хойш хоёр удаа нэр нь өөрчлөгдсөн. Пэйжийг гурван хүн удирддаг.
4. “Next 30” хэмээх дараагийн пэйж. Сүүлийн 90 хоногт MCS-ийн эсрэг постеруудыг 300 орчим ам.доллараар бүүстэлсэн.
5. “Ард түмний ялалт” нэртэй пэйж. Мөн ижил зорилготой. 2019 онд нээгдэхдээ YZ tv нэртэй байснаа 2023 онд Chil Bill болж, 2024 оны сонгуулиар Оюун-Эрдэнийн сонгуулийн пиар хийдэг олон пэйжүүдийн нэг болсон. Энд дурдагдсан пэйжүүд бол улс төрийн сурталчилгаанд 100 ам.доллараар дээш дүнгээр бүүст хийсэн нэг хэсэг нь. Үүний цаана бага дүнгээр бүүст хийдэг эсвэл бэлдсэн контентыг шэйрлэх үүрэгтэй олон арван пэйжүүд бий. Зохион байгуулалттай, кампанит ажлын хэлбэрээр явагдаж буй сөрөг пиарын энэ мэт контент фэйсбүүкийг маш идэвхтэй хэрэглэдэг, гэхдээ мэдээллийн боловсрол доогуур монголчуудын тархийг угаах маш хүчирхэг хэрэгсэл болжээ. Ерөнхий сайдын сошиалд өрнүүлж буй хар пиар бүр том экосистем, контент бэлдэх, олон тооны тролл пэйж болон аккаунтаас бүрдсэн түгээх гинжин хэлхээ болтлоо хөгжжээ. Бидний ядаж өөрсдийн хийж чадах эхний алхам бол эдгээр пэйжийг олон нийтийн тархи угаах, хүмүүсийг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн МЕТА-д "ховлох" юм. Зөвхөн Ерөнхий сайд биш, зарим сайд, УИХ-ын гишүүн ч сэжиг бүхий пэйжүүдээр өөрийн пиарын ажлыг хийдэг, ижил контентыг зохион байгуулалттай бэлддэг, түгээдэг. Зарим пэйжийн нэр нь тун хачирхалтай: Оркын хаан, aimar social news, aimar news, Сольё, Больё news гэх мэт. Товчхондоо төр засаг маань та бидний төлсөн татварын мөнгөөр эргээд та биднийхээ тархийг угаах ажлыг идэвхтэй хийж байна. Ер нь Монголоос бэлддэг улс төрийн сурталчилгаанд META-гийн бэлдэж өгсөн tool-үүдийг ашиглаад дүн шинжилгээ хийвэл олон жигтэй дүгнэлт хийж болохоор байна. Цаашид энэ талаар пост оруулна хэмээжээ.
Энэ бол хэн нэгний нэр төрд хандах гэсэн асуудал биш бөгөөд өнөөдөр өрнөж буй мэдээлэл тул бид дээрх мэдээллийг хүргэж буй гэдгийг онцолъё






