Групп чатаас угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж байна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан. Уг гэр бүлээс цор ганцаараа үлдсэн хүү О.Одбаярыг мэдээлэл хийсний орой талийгаач эмэгтэй О-г архичин байсан, мөн мэдээлэл хийсэн хүү О.Одбаярыг хулгайч байсан гэх мэдээллүүд цацагдсан.
Тэгвэл мэдээлэл задалсан иргэнийг олж тогтоосон байна.Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Групп чатаас угаартаж нас барсан гэр бүлийн талаарх мэдээллийг задалж, олон нийтэд дэлгэсэн Б-г дөрвөн хүний хамт шалгаж байна. Байгаль орчны яам, Эрчим хүчний яам, ХЗДХЯ гэхчлэн яамдын төлөөллүүд болоод Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид мэдээлэл солилцдог групп бий. Энэ групп дээр цаашид анхаарах асуудал, нөхцөл байдал зэргийг солилцдог. Энэхүү шуурхай мэдээлэл солилцдог тус сувагт байгууллагуудын тавьсан мэдээллийг бэлтгэсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайлбал, үзлэг, шалгалт хийсэн, утаа мэдрэгч суурилуулсан зэрэг мэдээлэл цагдаагийн байгууллагаас, олон нийтэд цацсан мэдээллийг тус групп чатад ирсэн мэдээллүүдээс бэлтгэсэн болохыг тогтоосон. Энэ хэрэгт холбогдуулан иргэн Б-д дөрвөн хүний хамт хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Шалгагдаж байгаа хүн нь төрийн албанд харъяалагддаггүй" гэлээ.






