Дахин нэг гэр бүл сүйрч арав хонохгүй хугацаанд арван хүний халуун амь хоёр гэр бүл үгүй боллоо

Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг. Тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж. Талийгаачийн том хүү цэргийн албанд байсан бөгөөд цор ганцаараа үлдсэн тухайгаа хэвлэлийн өмнө ярьсан билээ.
Тэгвэл БЗД-ийн 11-р хороонд айлын гэр шатаж нэг гэр бүлийн 4 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг энэ сарын 5-ны орой 22 цагийн орчимд болсон байна. Эхнэр нь ээлжийн ажилтай байсан бөгөөд нөхөртэйгөө зөрөөд ажилдаа явах үед нь энэ харамсалтай хэрэг гарсан байна. Галд гурван охинтойгоо нэгэн аав үрэгджээ. Харин энэ айлын ээж ганцаархнаа үлдэж хоцорсон байна. Аравхан хоногийн дотор бүхэл бүтэн хоёр гэр бүл 10 хүний халуун амь эрсдсэн харуусалтай хэрэг тохиолоо. Үндсэн хууриар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж хуульчилсан Монгол Улсын иргэний наад захын эрх яах вэ? Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?






