17 настай хүүгийн цөхөрсөн мэдээллийн хариу болгож түүний амиа алдсан ээжийг “Архичин”, хүүг “Хулгайч” хэмээжээ

Гэр бүлээ угаарт алдсан 17 настай хүүгийн цөхөрсөн мэдээллийн хариу болгож төр түүний амиа алдсан ээжийг “Архичин” нас барсан дүү нарыг нь “ядуу” хэвлэлд мэдээлэл өгсөн хүүг “Хулгайч” хэмээв. Хүүд олон нийтээс эмэгнэл илэрхийлэхийн оронд арьсаа хамгаалах гэсэн явуургүй оролдлого хийв.
Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон наад захын эрх зөрчигдөж байгааг харуулсан жишээ бол энэ хэрэг. Хүн гэртээ архи уусан байдалтай байна уу, уугаагүй байдалтай байна уу тэр нийтэд дэлгэх мэдээлэл мөн үү? Хүний хувийн орон зай шүү. Бас гэмт хэргийн түүх ...нууц биш билүү. Энэ ч хүний хувийн мэдээлэл. Нийтэд задалбал ингэнэ тэгнэ гэсэн хууль чинь хаачсан бэ?
Энэ явдал “О.Одбаяр хүүг хэвлэлд яриа өгсөн гэж хуулийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж мэдээлэл хийснээс зургаан цагийн дараа явагдав. Хэргийн процесс задлахгүй гэж иргэнээ сүрдүүлж, хэрэгт холбогдогчийн хувийн мэдээллийг ил болгосон сэтгүүлчийг ялласан нь хууль сахиулах байгууллага. Гэхдээ цагдаагийн байгууллага өөрсдийгөө өмгөөлж, хохирогчдын хувийн, эмзэг мэдээллийг нийгэмд цацах нь хуулийн зөрчил биш үү.
Харин энэ мэдээллийг бид бол нийтлэхгүй. Гэр бүлийнхнээ алдсан хүүгийн өөдөөс яаж ингэж хуулийг гууль болгож болдог юм бэ. Хувь хүний мэдээлэл нууц гээд байдаг зүйлийг зүгээр л олон нийтийн сүлжээнд дураараа нийтлэж болдог юм уу?






