Нийслэлд 11,350 иргэн хоёроос дээш орон сууц эзэмшиж байна

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төвлөрсөн орлого 2024 онд 245.6 тэрбум төгрөг болсныг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Төвлөрсөн татварын орлогын хэмжээ 2023 онтой харьцуулахад 8.5 хувиар буурсан байна.
Татварын байгууллагаас тооцоолсон дүнгээр 2024 онд 338.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байсан ч гүйцэтгэл нь 72.5 хувьтай гарсан аж.
Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд гурав дахь орон сууцанд албан татвар төлөх хуулийн хэрэгжилт 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэн юм.
2024 оны байдлаар зөвхөн нийслэлд хоёроос дээш орон сууц эзэмшдэг 11 мянга 350 иргэн байна. Эдгээр иргэдийн 21 мянга 153 орон сууцанд 16.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулаад байгааг Татварын Ерөнхий Газар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх хөрөнгөөс 0.6-1 хувийн татвар авч байгаа аж.
Харин орон нутагт эзэмшиж буй орон сууцанд татвар ногдуулахгүй. Мөн иргэний хүсэлтээр татвар төлөх нь боломжгүй гэж тогтоогдвол 1-2 жилээр төлөх хугацаагаа сунгах боломжтой юм байна.
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээ 0.6-2 хувийн хооронд интервалтай байдаг бөгөөд аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэхүү хувь, хэмжээг тогтоон баталж өгдөг байна. Тодруулбал: тухайн хөрөнгийн байршил, зориулалт зэргээс хамаараад 0.6-2 хувийн хоорондох хэмжээгээр татвар төлнө гэсэн үг аж.
Татвараас зайлсхийсэн тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх, банкны данс битүүмжлэх зэрэг арга хэмжээ авч буйг Татварын Ерөнхий Газар мэдээллээ.






