Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг дүүтэйгээ хамтарч эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тус Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.30/ болов. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ. Ингэхдээ Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийг камерын бичлэгт дахин үзлэг хийх, холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 9-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм. Шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар ийнхүү торгох ял оноож байв.