А.Ариунзаяа: ''Дүнжингарав'' хаврын уралдаан зохион байгуулах тогтоолыг хууль бус байсан гэдгийг тогтоосон
Өвөл, хаврын морьны уралдааныг сэргээхийг шаардаж уяачид өчигдөр жагссан. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Түүх сөхөж үзвэл 2017 оны есдүгээр сард Монгол Улсын Шүүхийн шийдвэрээр жил бүр Засгийн газраас гаргадаг "Дүнжингарав" хаврын уралдаан зохион байгуулах тогтоолыг хууль бус байсан гэдгийг тогтоосон.
Цаашид өвөл, хаврын улиралд хүүхдээр /18 нас хүрээгүй хүн/ өвөл хаврын улиралд хүүхдийг уралдаанд бэлтгэх, сунгаа хийхийг хориглох актыг Засгийн газар гаргах шийдвэрийг шүүхээс мөн гаргасан байдаг. Улмаар Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” 57-р тогтоолыг батлаж байв. Уг тогтоолоор жил бүрийн 11 сарын 1-нээс 5 сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож буй бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг.
Одоо өв уламжлалын тухайд
Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1802-1920 оны холбогдох 341 баримтын цуглуулга дансыг шүүхэд тухайн оныхоо 5-р сараас 8 дугаар сард Даншиг наадам хийж байсан байна. Харин 20-р зууны төгсгөл үед л өвлийг өнгөрөөж хаврыг угтаж морь уралдуулах заншил тогтож эхэлсэн ба 1995 оноос олныг хамарсан байдлаар арга хэмжээ зохион байгуулдаг болж.
Иймээс "Түүхэн өв уламжлал"-д өвөл, хаврын улирлын уралдаан орох үндэслэлгүй юм.
Одоо Хүүхдийн бэртэл, гэмтэл, амь насны тухайд
1996-2019 онд болсон хурдан морины уралдааны үеэр 35 орчим хүүхэд амь насаа алдсан. 2020 онд 1, 2021 онд 3, 2022 онд 6, 2023 онд 4, 2024 онд 4 хүүхэд амь насаа алдсан.
2017-2024 онд 16 хүүхэд Хөгжлийн бэрхшээлтэй болсон.
2017-2024 онд нийт 3070 хүүхэд мориноос унасан.
Цаашид хэдий өв уламжлал чухал ч Хүүхдийн амь нас илүү чухал. Болдог бол бусад улсын адил том хүн, эсвэл бүр робот унаач ажиллах хэрэгтэй.
Өнөөдрийн хувьд, Зуны сайхан дэлгэр цагтаа уралдаан, үсэргээн наадмаа хийхэд болно" гэжээ.