Д. Цогтбаатарын сонгогдсон Хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Дээд шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолоор ял шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл,түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх 2024 оны энэ өдрөөр дуусгавар болсон юм.
Гэвч УИХ-ын холбогдох байнгын хороод энэ асуудалд тайлбар өгөхөөс татгалзаж, “Дээд шүүхийн тогтоол УИХ руу албажиж буюу цаасаар ирээгүй” хэмээн шалтаг хэлж байгаа. Улсын Дээд шүүхийн тогтоол эцсийнх, шийдвэр гарсан цаг минутаас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх учиртай. Тиймээс хүссэн хүсээгүй УИХ хууль журмаа дагаж, Д. Цогтбаатарын сонгогдсон Хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “…Нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх” тухай заасан. Гол зарчим нь жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусвал ард нь бичигдсэн нэр дэвшигч УИХ-ын гишүүн болдог. Харин тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг эгүүлэн татсан тохиолдолд заавал тухайн тойрогт нь нөхөн сонгууль явуулах хуультай. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т “Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явна" гэж заасан байдаг.