Б.Мөнхнар анх удаа улсын аварга боллоо

Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий барилдаанууд Бөхийн өргөөнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорсон юм.
Б.Мөнхнар анх удаа улсын аварга боллоо
“Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнар насанд хүрэгчдийн УАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байв. Харин энэ жил зорьсноо гүйцээж, УАШТ-д анх удаа түрүүллээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 кг-ын финалд “Оргил” клубийн М.Мөнхгэрэлийг ширүүн өрсөлдөөний эцэст 4:2-оор буулгаж авсан юм. М.Мөнхгэрэлийн хувьд өнгөрсөн жил Б.Мөнхнарыг ялан аваргалсан бол өнөө жил хожигдон мөнгө дээр бууж байна.
U-23 насны Азийн АШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Г.Оюундарь хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медаль байсан.
Хүрэл медалийг өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын УАШТ-ий 1 алтан медальт, U-17 насны Азийн аваргын мөнгөн медальт Ч.Номин хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөн л анхны медалиа авчээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн
- Б.Мөнхнар (Алдар)
- М.Мөнхгэрэл (Оргил)
- Г.Оюундарь (БГД Аваргууд академи)
- Ч.Номин (Тэх Мөнх)
Э. Дэлгэрмаа УАШТ-д гурав дахиа түрүүллээ
68 кг-ын жинд “Хүч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа түрүүллээ. Түүний хувьд Монгол улсын аваргаар гурав дахиа тодорсон. Харин “Дархан Хасу Fohow” клубийн тамирчин, U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ганцэцэг Насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр дахиа үзүүрлэв. Налайх дүүргийн тамирчин, U23 насны УАШТ-ий алт, мөнгөн медальт А.Даваажаргал Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа гардлаа.
68 кг-ын дүн
- Э.Дэлгэрмаа (Хүч)
- Б.Ганцэцэг (Дархан Хасу Fohow)
- А.Даваажаргал (Налайх)
Х.Болортуяа улсын аваргад түрүүлэв
“Токио-2020” олимпын оролцогч, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Х.Болортуяа улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Ялангуяа сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн гэдгээрээ онцлог болж байна. Тэрбээр шувтаргын барилдаанд “Аврагч” спорт хорооны Б.Энхтүвшинг 15:3 буюу оноогоор цэвэр ялсан юм.
Б.Энхтүвшингийн хувьд өмнө нь улсын аваргаас мөнгө, хүрэл медаль нэжгээдийг аваад байсан бол энэ жил гурав дахь медалиа өөрийн болголоо.Хүрэл медалийг насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож буй 18 настай тамирчин Ү.Мөнхчимэг хүртсэн.
“Төв Арж” клубийн тамирчин тэрбээр өсвөрийн УАШТ-ээс 3 алт, залуучуудын УАШТ-ээс 1 мөнгө, U-15 насны Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн өсөж яваа шилдэг залуу тамирчин юм. Нөгөө хүрэл медалийг U-20, U-23 насны улсын аварга М.Рэнцэнханд хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн
- Х.Болортуяа (Аврагч спорт хороо)
- Б.Энхтүвшин (Аврагч спорт хороо)
- Ү.Мөнхчимэг (Төв Арж)
- М.Рэнцэнханд (Тэх Мөнх)
Б. Отгонтуяа УАШТ-д анх удаагаа түрүүллээ
Эмэгтэйчүүдийн 55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, U23 насны Азийн хошой аварга Б.Отгонтуяа түрүүллээ. Тэрбээр Насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан бол өнөөдөр энэ тэмцээний анхны түрүүгээ хүртэв.
Эл жинд “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий иж медальтан, Монгол улсын хошой аварга М.Дөлгөөн үзүүрлэсэн бол хүрэл медалийг Баянхонгор аймгийн тамирчин, U20 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Буман-Аюуш гардлаа.
55 кг-ын дүн
- Б.Отгонтуяа (Алдар)
- М.Дөлгөөн (Алдар)
- Э.Буман-Аюуш (Баянхонгор)






