Р.Чингис: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн
Монгол Улсын иргэн Рэнцэндоржийн Чингис мэдэгдэл гаргажээ. Тэрбээр миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ.
2025 оны 1-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амар тайван байдлыг хамгаалах албанд үе дамжин нэр төртэйгээр зүтгэж байгаа төрийн тусгай алба хаагчийн хувьд ийм бодлогогүй, хариуцлагагүй, увайгүй үйлдлийг хийх нь байтугай ийм сэдэл ч миний санаанд төрөхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлнэ. Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр над руу чиглэсэн худал мэдээлэл, доромжлол, зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд олонтаа ирж байсан ч төрийн хүний ёсоор хүлээцтэй хандаж элдэв хариу тайлбар хийж байсангүй.
Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Р.ЧИНГИС.
2025.01.09.