Лос Анжелесын эзгүй тансаг байшингуудыг тоносон хэрэгт холбогдуулан цагдаа нар 20 хүнийг баривчлан саатуулжээ
АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв болсон Лос Анжелес хотын суурьшлын бүсэд аюул учруулаад байна. Лос Анжелес хотын түүхэнд өмнө тохиож байгаагүй их хэмжээний гарз хохирол дагуулсан ойн түймэр болж байгаа юм.
Түймрийн улмаас нас барсан хүний тоо долоод хүрчээ. Энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Галд шатсан барилга байгууламжийн тоо 10,000 давсан. Түймэрт Малибу, Палисэйдс, Санта Моника, Пасадена, Алтадена зэрэг тансаг харш бүхий чинээлэг хотууд өртөж байна. Түймрийн үеэр 180,000 хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан. Оршин суугчдыг гэрээ орхиж явсны дараа хулгай дээрмийн хэрэг гарчээ. Эзгүй тансаг байшингуудыг тоносон хэрэгт холбогдуулан цагдаа нар 20 хүнийг баривчлан саатуулжээ. Хулгай дээрэм тонуулын гэмт хэргийг зогсоохын тулд түймэр асаж байгаа газруудад хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай ярьж байна. Мөн санаатайгаар ойн түймэр асаасан байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Хамгийн том, хамгийн их гарз хохирол дагуулж байгаа нь Палисэйдс болон Итон орчимд дэгдсэн түймэр юм. Нас барсан таван хүн Итоны ойролцоо түймэрт өртсөн бол хоёр нь Палисэйдсын түймэрт өртөж амь насаа алджээ. Палисэйдс түймэрт 8,000 га талбай, 5,300 барилга байгууламж өртөж шатсан байна. Харин Итон түймэрт 5,000 орчим барилга байгууламж, 5,000 га талбай шатжээ.
Лос Анжелесын нийт сургуулиудын арван хувийг нь хаасан бол Пасадено хотод таван сургуулийн барилга галд өртжээ.