Жолоочийн хариуцлагын даатгал хэрхэн өөрчлөгдөв
2025 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа журмаар жолоочийн хариуцлагын даатгал хэрхэн өөрчлөгдсөн болохыг танилцуулъя.
Жолоочийн хариуцлагын даатгал гэж юу вэ?
Жолооч албан журмын даатгалд даатгуулснаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг ач холбогдолтой даатгал юм. Түүнчлэн жолооч болгон албан журмын даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сараас жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх захирамжийг хотын дарга гаргасан юм.
Даатгалын хувь, хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?
Энэ сараас Жолоочийн хариуцлагын даатгал шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчин зам, тээврийн осол гаргасан бол даатгалын хураамжийн итгэлцүүрийг нэмэгдүүлэн тооцох юм. Тодруулбал, дараах дөрвөн тохиолдолд даатгалын хураамж 40 хувиар нэмэгдэх юм.
- Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан
- Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан
- Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан
- Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчсөн зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалын хураамжийг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох аж.
Даатгалын хувь хэмжээ нэмэгдэх эсэх нь жолоочийн тоо хязгаарлах үгүйгээс хамаарна. Тухайн автомашиныг хэдэн хүн унахаас шалтгаалж даатгалын төлбөр харилцан адилгүй байх аж. Хэрэв хязгааргүй буюу хэчнээн ч хүн унах нөхцөлөөр даатгал хийлгэвэл илүү өндөр дүнгээр даатгуулах шаардлагатай юм. Мөн моторын багтаамж, жолоочийн туршлага, замын хөдөлгөөний зөрчил гаргадаг эсэх, чиргүүлтэй эсэх, Улаанбаатарынх эсэх гээд зэрэг нийт 9 итгэлцүүрээр бодож, тооцоолж даатгалын хувь, хэмжээг тогтоох ажээ.