Утааны сонсгол өвөл дуусахтай зэрэгцэн товлогдож ''утаа'' болон замхарах замдаа орлоо
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн "Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тоонд хүрсэн тул 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар миний бие сонгогдсон. Ажлын хэсэг энэ сарын 23-нд хуралдаж, сонсгол явуулах сэдэв, тов тогтоох асуудлаа хэлэлцсэн. Ажлын хэсгийнхэн сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцсан. Сонсгол хийх болон бусад зохион байгуулалтын ажлуудын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авахад, хамгийн богино хугацааг тооцохоор нэгдүгээр сарын 23-нд болж байгаа юм. Үүнээс нааш зохион байгуулах боломжгүй байна.
Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, энэ чиглэлийн бодлого, шийдвэрүүдийн үр дүн, технологийн шийдэл гэх зэрэг чиглэлээр дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлаж явуулах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага ч үүсч болзошгүй байгааг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тохирсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэл хотоор хязгаарлалгүй, Монгол Улсын хэмжээнд асуудлыг тавьж хөндөнө" хэмээв. Үүнээс харвал олон нийтийн хүлээсэн утааны сонсгол өвөл дуусч утаа замхрах үед болох нь. Нэг ёсондоо утааны сонсгол "утаа" болох зам руугаа орлоо. Энэ янзаараа гарц, шийдэл хайж чадалгүй ирэх өвөлтэй золгож өнөө золгүй утаагаа нийслэлчүүд ярьсаар үлдэх нь.