АН-2 онгоцонд зорчиж явсан багийн 2 гишүүн болон 1 зорчигчийг гурав хоногийн дараа бүгдийг нь эсэн мэнд олжээ
ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн Камчаткын хойгт АН-2 онгоц осолджээ. Онгоцонд зорчиж явсан багийн 2 гишүүн болон 1 зорчигчийг гурав хоногийн дараа бүгдийг нь эсэн мэнд олжээ.
Тэд сүйрсэн онгоцны дотор талд гурав хоног хоол, хүнсгүй байсан ч онгоцны түлшийг шатаан, гал түлж дулаацан, төмөр хувинд цас хайлуулж ууж байсан бөгөөд онгоцны ослын дохиог асааж, тэднийг олоосой хэмээн залбирч байсан талаараа ярьжээ. Дээрх гурван хүнийг олсон даруйдаа эмнэлэгт хүргэсэн ба АН-2 онгоцны нэг нисгэгч тархи нугасны гэмтэл авсан тул яаралтай мэс засал орохоор болсон бол нэг нь хөлдөлтийн зэрэгтэй байсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хувийн агаарын тээврийн компанид бүртгэлтэй байсан АН-2 онгоц 12-р сарын 19-ний өдөр Милково тосгоноос Оссора тосгон руу карго ачаа тээвэр хүргэх зорилгоор нисэж байсан байна. Хүйтэн цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас онгоцны үйл ажиллагаа доголдож осолдсон аж. Оросын Агаарын тээврийн агентлагийн харьяа Камчаткын бүс нутгийн агаарын тээврийн үйлчилгээний газрын аврагчид дээрх иргэдийг олсон байна.