Хилээр гарах хоригтой ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн шүүх хурал хойшилжээ

11-р сарын 13, 2024 - 17:58
1 сар өмнө
 0  41
Хилээр гарах хоригтой ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүгийн шүүх хурал хойшилжээ

ХӨСҮТ-ийн  захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.11.13/ болж, 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны 08:30 цаг хүртэл хойшилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, хурлыг хойшлуулсан байна. Тэрбээр хэрэг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр зорчих хоригтой байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм.


2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг.  АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм. Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” хэмээн ярьж байв.


Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бархүү, Д.Нямхүү нарт холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, яллагдагч нарын өмгөөлөгчид болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцэж, шүүх хурлыг өнөөдөр товлоод байсан юм.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow