Боомоор өвчилсөн үхрийн махыг идсэн 11 иргэнээс хоёрынх нь бие муу байснаас өнөөдөр биеийн байдал нь тогтворжиж эхэлжээ
Увс аймгийн Зүүнговь суманд боомын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Уг тохиолдол нь боомоор өвчилсөн үхрийг төхөөрөх явцдаа халдвар авсан болохыг Увс аймгийн ЗӨСТ-д хийсэн молекул биологийн /PCR/ шинжилгээгээр баталгаажуулжээ.
Өвдсөн иргэд одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Түүнчлэн үхэр төхөөрч, махыг нь 11 иргэн хүнсэндээ хэрэглэсэн бөгөөд мах идсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал муу байсан байна. Өнөөдрөөс тэдний биеийн байдал сайжирч байгаа аж.
Тодруулбал, тухайн иргэдийн хувьд бие нь хөөх, хавагнах гээд боом өвчний анхны шинж тэмдгүүд илэрч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчин бүртгэгдсэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, Зүүнговь сум руу мэргэжлийн баг ажиллаж байна.
Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин гэгддэг.