3 настай охиныг үхэлд хүргэсэн эмч нарын эмчлэх эрхийг 1 жилээр хасжээ
2023 оны нэгдүгээр сарын 7-нд Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтэж, найм хоног эмчлүүлж байсан охинд минь буруу эмчилгээ хийсний улмаас харамсалтайгаар нас барсан. Эмч нар охины хатгалгааг буруу оношилж, эмчилгээ хийснээс ийм нөхцөл байдал үүссэн гэж ар гэрийхэн нь гомдол гаргасан. Тодруулбал, уушгины хатгалгаа биш гэдэсний ханиад гээд хүүхдийг тусгаарлан тасагт хэвтэж, буруу эмчилгээ хийсэн. Миний хувьд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч нарт маш гомдолтой байна хэмээж байсан. Тэгвэл тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, прокуророос тус хэрэгт Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэн нарыг яллагдагчаар татан, улмаар Эрүүгийн хуулийн 15.1-3 буюу эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тус шүүхээс хэргийг хэлэлцээд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэнийг Г.Энхбилэгийн гурван настай охин амь насаа алдахад эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэм буруутайд тооцож, Ё.Бадамжавын эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноосон бол Х.Бадамсүрэнийг эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноосон байна.
Мөн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс хохирол 10.4 сая төгрөгийг төлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргажээ. Харин хэргийн оролцогч нар уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа аж.