Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг 48 цаг саатууллаа
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өчигдөр АТГ-аас саатуулжээ. Өчигдөр оройн 18.00 цагийн үед түүнээс байцаалт авч байгаад Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явж хорьсон байна. Өчигдөр АТГ-ынханд баригдсан Н.Баяртсайхан интерполоор эрэн сурвалжлагдаж байгаад Монголд өөрөө иржээ. Польш улсад байж байгаад саяхан хилээр өөрөө орж ирсэн бөгөөд хуулийнханд ийн саатуулагдсан гэх мэдээлэл байна.
Хойшлуулашгүй ажилагааны хүрээнд түүнд таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг 48 цагийн хугацаатай цагдан хорьж байгаа юм байна. Хориг хугацааг нь үргэлжлүүлэх эсэхийг шүүх шийдэх аж. Түүнийг ЭХТА-ийн 22.1.3 дах хэсэг зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан байдаг.
Н.Баяртсайхан нь УИХ-ын гишүүн болон Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр 2016 оноос хойш 2019 хүртэл Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.