3x3: Эмэгтэй баг долоон удаа холоос шидэж илүүрхэв
3x3 Монголын эмэгтэй шигшээ баг U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь тоглолтдоо Кенийн шигшээ багийг 21-5 харьцаагаар хожлоо.
3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ.
Тэмцээний C хэсэгт Герман, Польш, Израил, Кени улсын шигшээ багтай таарсан Монголын эмэгтэй шигшээ баг хоёр дахь тоглолтдоо Кенийн шигшээ 21-5 харьцаагаар илүүрхэв.
Тоглолтод багаараа нийт 7 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосон бөгөөд Б.Ариунцэцэг 3, Б.Энхтуул 3 удаа холын зайн шидэлтээс оноо авсан.
Кенийн эсрэг авсан оноо:
- Бат-Эрдэнийн Ариунцэцэг - 7 оноо
- Базаргүрийн Энхтуул - 7 оноо
- Цэнджавын Болорцэцэг - 2 оноо
- Өлзийбатын Индра - 5 оноо
Эмэгтэй шигшээ баг дараагийн тоглолтоо баасан гарагт 17:45 цагаас Израилын шигшээ багтай хийнэ. Одоогоор нэг хожил нэг хожигдолтой хэсэгтээ 3-рт бичигдэж байна.