3-10 сая төгрөг төлж, такси үйлчилгээний зөвшөөрөл авна
Нийслэлийн Засаг Даргын/НЗД/ төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3,170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2,900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 2,900 гаруй гэмт хэргийн 2,116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан.
Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлтүүд орсон. Эдгээр хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ. Хуульд заасан найман төрлийн шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авсан ААН, байгууллага үйлчилгээ эрхэлнэ.
Улаанбаатарт одоо үйлчилгээ үзүүлж буй UB Cab үйлчилгээг хуульд такси үйлчилгээ гэж үзэхгүй, дуудлага үйлчилгээ гээд өөр зохицуулалттай болгосон. Аравдугаар сарын 15-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйлчилгээ эрхэлдэг болох үед зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ эрхэлж, түүнтэй холбоотой гэмт хэрэг, осол гарвал зохицуулалт хийгдэнэ. Зөвшөөрөл авалгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая хүртэл төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд шинээр орсон юм. Цаашид нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээ явуулна. Энэ хүрээнд цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа" гэнэ.