Мексикт барьцаалагдсан 16 цагдааг хайх ажилд 1000 гаруй хүн оролцож эхэллээ
Мексикийн өмнөд зүгт байх Чьяпас мужид зургадугаар сарын 27-ны өдөр зэвсэглэсэн бүлэг хүмүүс цагдаагийн 16 алба хаагчийг барьцаалсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Тустла-Гутьеррес, Окозокоаутл хотыг холбосон зам дээр гарсан гэж AFP мэдээлсэн байна. Хэрэг гарах үеийн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан бөгөөд бичлэг дээр зам хаан зогссон гурван машины дэргэд автомат барьж, сум үл нэвтрүүлэх хантааз өмссөн хэд хэдэн хүн харагдах аж.
Мексикийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн алба хаагчдын зорчиж явсан автобусыг зогсоон, тэдний утсыг хураан, газар хэвтэхийг тушаасан, харин тэнд явсан эмэгтэйчүүдийг үлдээсэн гэнэ.
Тухайн үед Аюулгүй байдал, иргэний хамгааллын яамны автобусанд тус яамны ажилтнууд болох 17 эмэгтэй зорчиж явжээ. Тэдний өгүүлснээр, зэвсэгт этгээдүүд тэдэн рүү дайрч, эрчүүдийг хүчээр буулгаад, авч явсан аж.
Барьцаалагдсан цагдаа нарыг эрэн хайх ажилд хүчний байгууллагуудын 1000 гаруй алба хаагч дайчлагдсан байна. Түүнчлэн энэ гэмт хэрэгтэй холбоотой байж мэдэх хоёр хүнийг баривчлан саатуулжээ.Эрэн хайх ажилд Батлан хамгаалахын яам, Тэнгисийн цэргийн флот, Үндэсний гвард, мужийн Прокурорын газар, нийслэлийн мэргэжилтнүүд оролцож байгаа аж.