18 дугаар сургуулийн 14 хүүхэд дахиад хорджээ
18 -р сургуулийн 6в ангийн хүүхдүүд 2-р ээлжийн 3-р цагаас дотор нь эвгүйрхсэн тул 14 хүүхдийг 10-р сарын 12-ны өдөр буюу өчигдөр 103 түргэн тусламж дуудан ЭХЭМҮТ-д хүргэгджээ
Хордсон хүүхдүүд өмнө нь түрээсийн байранд хичээллэж байхад хордлогод орж байсан хүүхдүүд аж. Яг одоогийн байдлаар 3 хүүхдийн биeийн байдлыг харзнахаар хэвтүүлэн, бусад хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байдалтай байна. Эхний хордлогын дүгнэлт албан ёсоор гараагүй байхад дахин ийм хэрэг манджээ. Эхний асуудлаас улбаалан түрээсийн байранд шинжилгээний хариу гартал хичээллүүлэхгүй шийдвэр хэвээр байгаа аж.
Эргэн сануулахад ,өмнө нь Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 20 гаруй сурагч энэ сарын 21-нд ангидаа байхдаа хордсон хэрэг гарсан. Хордлого илэрсэн гэх тухайн ангийг цагдаагийн байгууллага битүүмжлэн шинжилгээ хийсэн бөгөөд хордлогын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллана гэдгийг өмнө нь бид мэдээлж байсан. Хордлого юуны улмаас үүссэн талаарх дүгнэлт гарсан эсэхийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөгөөс тодруулахад "Сургуулийн байрны дотоод орчны агаар дахь бохирдуулагч бодис физик нөлөөллийн үзүүлэлтэд хэмжилт, шинжилгээ хийсэн. Хэмжилтээр тухайн ангийн дотоод орчны агаарт үнэрийн бохирдол үүсгэгч бодисууд хүлцэх хэмжээнээс хэтрээгүй, илрүүлэх доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдсон. Урьдчилсан дүгнэлтээр, анги танхимын агаарын чийгшил болон агаар сэлгэлт бага, ариун цэвэр хангалтгүй, анги дүүргэлт их байсны улмаас нүүрс хүчлийн хийн агууламж ихэссэн нь тогтоогдсон. Улмаар ангийн дотоод орчны агаарын чанарт нөлөөлж, агаар бохирдсон. Агаарын өмхий үнэрийг дарахаар цацсан үнэртэй усанд агуулагдсан химийн бодисоос хордлого үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Хордлого авсан хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан" гэлээ.