Үхлийн утаат манангийн эсрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулъя
Дөнгөж идэр ес эхлэхтэй зэрэгцээд утаа саарлаар биш хар өнгө татуулан манантах болов. Иргэд урдах замаа ч олохгүй тэмтчих нь холгүй байна. Нийслэлчүүд өдийд агаарын бохирдолтой хийх тэмцэл өрнүүлдэг болоод олон жилийн нүүрийг үзэж байна. Монгол Улсын Засгийн газраас утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдийг жилээс жилд хэрэгжүүлсээр ирсэн боловч үр дүнд хүрээгүй. Шийдэлгүй байсаар утаандаа бараг дассан. Тухайлбал, 2008-2019 оны хооронд төсвөөс 170 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 279.3 тэрбум төгрөгийг (104.7 сая ам доллар) утааны эсрэг зарцуулсан. Сүүлийн жилүүдийнх ч бүр талийсан их хөрөнгө утааны эсэрэг зарцуулсан юм билээ. Өнөөдөр харин утаа нь бүр илүү нэмэгдэж, тэр их хөрөнгө мөнгө зорилтот зүйлдээ зарцуулагдаагүйг илтгэх мэт хар өнгөөр тортоглон бууж байна. Энэ их мөнгө эргэлддэг энэ салбарт өнөөдөр мөнгө нь алга, утаа нь байсаар байдаг нь сонин. Улмаар аймгийн төвүүдийн агаарын бохирдол нэмэгдэх болсноор утаа нь зөвхөн нийслэлчүүдийн гэлтгүй нийт Монголчуудын асуудал болж ирж байна. Харин энэ их мөнгийг утаа бууруулах зорилогдоо бүрэн зарцуулсан уу гэдэг сонин. Танил тал эрх мэдэлтэй нь тендер, хөтөлбөр аваад ажил хийсэн нэртэй оронцоглож явсаар өнөөдрийн саарал утаа хар зам татуулах болсон хэрэг.
Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол айл өрхүүд гэрийн зууханд нүүрс түлдэгээс үүдэлтэй. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог Улаанбаатар хотын нийт өрхүүдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч, өвлийн улиралд нүүрс түлж дулаацдаг бөгөөд нүүрс түлэх нь амьсгалын замаар дамжин хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг нарийн ширхэгт тоосонцорын агууламж /PM2.5/ ялгаруулдаг. Амьжиргааны түвшин доогуур өрхийн хувьд хямд, чанар муутай түлшнээс гадна машины резинэн дугуйнаас эхлээд юу тааралдсанаа түлж дулаанаа хангадаг нь агаарт цацагдаж байгаа нарийн тоосонцоруудын 60 хувийг дангаар ялгаруулдаг гэсэн судалгааны үр дүн ч гарч байв. “Шахмал түлш” нэвтэрсэн нь 2018 онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол гаргаж, 2019 оны тавдугаар сарын 15-аас эхлэн зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэх зоримог алхам гэж олон нийт анхааралтай харзнаж байсан. Түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах, сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх, нөөцлөх ажил эрчимжин, гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангах ажил нийслэл даяар өрнөсөн. Хэрэглэж эхэлэхэд түлшээ бус зуухны зөв хэрэглээний мэдээлэл хомс гэж тайлбарлаж байв. Үүнээс болж 12 хүний амь эрсдэж, олон мянган хүн угаартсан. Гэсэн ч утаанаас салж л байвал дээрдэх байх гээд тэсээд өнгөрсөн. Үүнийг бид мартах учиргүй. Хариуцлаггүй чанаргүй зүйл хийж хөрөнгөжих гэсэн хүмүүсийн гайгаар шахмал түлш одоо чанараа алдаж бүр шатахчүгүй хий уугиж утгаа алдаж үүнээс болж саарал утаа гүн хар болсонг мэргэжилтнүүд хэлж байна. Иргэд ч ярьж байна. Дутуу шатдаг, хорт агууламж нь их гэх хүн олширлоо. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж буй иргэдээс өөр хэн мэдэх билээ. Утаа буурна гэдэг угаас бүтэшгүй зүйл гэдгийг мэдсээр байж ийн чанаргүй шахмал түлшээ түлж, үр хүүхдээ хордуулсаар байх уу. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ, энэ агаар. Ард түмэн тэр аяараа хордож байхад тэдний төлөө хуралдаж, ямар нэгэн арга хэмжээ авдаггүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгаад хэрэг байна уу. Улс төржиж, попор ч чаддаг шигээ ажлаа хийгээч ээ, ард түмнийхээ төлөө.
Агаарын бохирдолтой хийж буй тэмцлийн тэргүүлэх зорилго бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах. Гамшгийн түвшинд хүрээд байсан агаарын бохирдлоос амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нэг ч осол эндэл гаргахгүй байхаас сэргийлэх шаардлагатай. Аюултай хэмжээнд хүрээд буй утаа өнөөдөр бүр гамшгийн хэмжээнд хүрч байна. Баян ядуу хөгшин, залуу дарга цэрэг хэн байх нь хамаагүй бид нэг л агаараар амьсгалдаг гэдгийг бүү март.