Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр "Мазаалай" олон улсын наадам энэ ням гарагт болно
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Мазаалай” олон улсын наадмыг энэ сарын 14-нд зохион байгуулна. Уг наадмыг “Скай Резорт” цанын баазад хийх бөгөөд энэ үеэр "Мазаалай" мөсөн хотхон мөн нээлтээ хийх юм.
Уг наадмаар 50 метрийн урттай мөсөн гулгуур болон Гиннесийн дээд амжилтыг тогтоох 12 метрийн өргөнтэй, 22 метр урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай монгол цасан баримал барих аж. Түүнчлэн Геннисийн амжилтыг тогтоосноор олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлан таниулах бүрэн боломжтой хэмээн БОАЖЯ үзэж байна.
Зөвхөн Монголд бүртгэлтэй мазаалай баавгайн тоо толгой өнгөрсөн онд 52 бүртгэгджээ. Дэлхийн нэн ховорт тооцогдох энэхүү баавгайн төрлийг хамгаалах, тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго аж. Уг наадмыг цаашид дотоод, гадаадын жуулчдыг татах гол эвент болгохоор зорьж буй.
Өнгөрсөн онд “Монголд зочлох жил”-тэй холбоотойгоор нийт 69 эвент, үйл ажиллагааг зохион байгуулжээ. Харин энэ онд 128 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.