7 АЙМАГ, 82 СУМЫГ ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Өнгөрсөн 25-ны өдрийн 18 цаг 37 минутад Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж байна. 24 тулгуураас өнөөдрийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа ба 2023.06.29-ний өдөр аваарыг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна. Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комисс 3 гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар 1 гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын засаг даргын тамгын газраас 1 гэр тус тус барьж өгсөн хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээллээ