Задгай сансарт гарч чадсан түүхэн дэх анхны сансрын нисгэгч бус хүн буюу тэрбумтан Ж.Айзекман гэж хэн бэ?

9-р сарын 13, 2024 - 09:57
3 сарын өмнө
 0  13
Задгай сансарт гарч чадсан түүхэн дэх анхны сансрын нисгэгч бус хүн буюу тэрбумтан Ж.Айзекман гэж хэн бэ?

Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа жуулчдыг задгай сансарт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд сансарт ниссэн Америкийн тэрбумтан Жаред Айзекман дэлхийн гадаргуугаас 700 км-ийн өндөрт, 25 мянга гаруй км/цагийн хурдтайгаар нисэж буй “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гараад хэдэн минутын дараа хөлөгтөө буцаж оржээ. Ингэснээр тэрбээр задгай сансарт гарч чадсан түүхэн дэх анхны сансрын нисгэгч бус хүн болж байна.  Задгай сансарт гарч чадсан Ж.Айзекман гэж хэн бэ?

Тэрбээр 41 настай, 1,9 тэрбум долларын хөрөнгөтэй.  Polaris Dawn хөтөлбөрийн нислэгт оролцож буй нийт 4 хүний зардлыг хувиасаа төлсөн юм байна.


Айзекман 1999 онд 16 настайдаа цахим гүйлгээ хийдэг Shift4 Payments гэдэг компаниа байгуулсан ба багаасаа нисэх хүчний салбарыг маш их сонирхдог байв. 2004 онд нисгэгчийн сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрт хөнгөн онгоцоор дэлхийг тойрч, дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

Задгай сансарт гарах үедээ “Гэрт маань бидэнд хийх ажил маш их байна, харин эндээс Дэлхий маань төгс сайхан ертөнц мэт харагдаж байна” хэмээжээ. Polaris Dawn бол Ж.Айзекманы хувьд хоёрдахь сансрын нислэг юм. 2021 онд тэрбээр түүхэнд анх удаа мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн Inspiration4 багийн нислэгийг ивээн тэтгэн удирдаж байв. 

Тэрбээр Нью-Жерси муж улсын Юнион гэдэг жижигхэн хотод төржээ. 15 настайдаа сургуулиасаа гарсан тэрбээр жилийн дараа байшингийнхаа хонгилд Shift4 Payments гэдэг компаниа байгуулж байв. Өнөөдөр АНУ-ын бүх зочид буудал, зоогийн газруудын гуравны нэг нь, тэдгээрийн дотор Hilton, Four Seasons, KFC зэрэг газрууд төлбөр тооцоогоо энэ компаниар дамжуулан хийж, гүйлгээний дүн нь 260 тэрбум доллароос давж байна.  

2011 онд Ж.Айзекман цэргийн нисгэгчдийг бэлтгэдэг Draken International гэдэг фирмийг байгуулж байсан бол өдгөө дэлхий дээрх хамгийн олон онгоцтой хувийн компани болж өргөжжээ. 2019 онд тэрбээр компаниа Blackstone гэдэг компанид зарснаар Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан байна.“Долоо хоногт 80 цаг ажилласныхаа дараа алжаалаа тайлахын тулд Айзекман дуунаас хурдан МИГ онгоцоор нисэж, ууланд авирдаг” тухай хэвлэлүүд мэдээлж байв.  


Түүний хэлэх дуртай үг бол  “Хөрөнгө мөнгөнийхөө хэрээр бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй. Амьдралын сүүлчийн өдөр хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээдэг. Энэ тухай  өөрийнх нь амьдралын тухай өгүүлдэг Netflix-ийн цуврал кинонд Айзекман хэлдэг. Тэрбээр эхнэр, хоёр охины хамт төрөлх Нью-Жерсидээ амьдардаг.  

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow