УБТЗ-ын тээвэрлэсэн ачаа тээврийн хэмжээ өмнөх оныхоос өсчээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй “УБТЗ” ХНН 2024 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 24.7 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 662.8 мянган тонноор илүү байна. Мөн хугацаанд 17.8 сая тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 184.3 мянган тонноор илүү байгаа юм.
Зөвхөн өнгөрсөн долоо хоногт тээсэн ачааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн ачаа 34.3 мянган тонноор, экспорт 65.8 мянган тонноор, импорт 43.2 мянган тонноор илүү байна. Харин транзит 0.1 мянган тонноор ялимгүй буурсан үзүүлэлт гарчээ. Гэсэн ч оны эхнээс манай улсын нутгаар нийт 2,453 галт тэрэг дамжин өнгөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 галт тэргээр илүү байгаа аж.
Манай тээврийн хэмжээг өсгөхөд чухал үүрэгтэй хилийн өртөөдийн галт тэрэг солилцоо өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар нийтдээ 111 галт тэрэг хүлээн авч, 108 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлт юм. Харин Наушки-Сүхбаатар өртөөгөөр 49 галт тэрэг хүлээн авч, 48 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ялимгүй буурчээ.